Хууль эрх зүйн тодорхойгүй байдал үүссэн хэдий ч ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт амжилттай зохион байгуулагдлаа гэж ЕАБХАБ/АИХЭГ-ын САХХ-ны ажиглагчид хэлэв.
УЛААНБААТАР ХОТ, 2017 оны 7-р сарын 8 – Анх удаагаа хоёр дахь шатны санал хураалттай болсон ерөнхийлөгчийн сонгууль нь хууль эрх зүйн тодорхойгүй байдалд явагдаж өнгөрлөө. Сайшаалтай нь Сонгуулийн ерөнхий хороо СЕХ нь шахуу цаг хугацаанд багтаан тодорхойгүй байдлыг зохицуулсан журмыг гаргаж, сонгуулийг үр дүнтэй зохион байгуулсан бөгөөд хэсгийн хороодын ажилтнууд сонгуулийн өдөр санал хураалтыг мэргэжлийн түвшинд явууллаа гэж ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭГ)-ын сонгууль ажиглах хорооноос өнөөдөр гаргасан дүгнэлтдээ дурджээ. Сонгогчдыг хоосон саналын хуудас өгөхийг уриалсан эсэргүүцлийн үйл явдал энэ санал хураалтын нэг онцлог дүр зураг байлаа гэж ажиглагчид хэлэв.
“Хэдийгээр сонгуулийн үйл явцыг зохицуулж буй хууль тогтоомжуудаар ардчилсан сонгууль явуулах хангалттай үндэс суурийг ерөнхийд нь хангаж өгсөн байдаг боловч хоёр дахь шатны санал хураалтад хамаарах цөөн хэдэн заалттай, мөн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль анх удаа хоёр шаттай явагдаж байгаатай зэрэгцээд оролцогч талууд болон сонгогчдын дунд төөрөгдөл үүсгэв. Энэ нь Сонгуулийн ерөнхий хороонд болон сонгуулийн байгууллагад сорилт бэрхшээл авчирсан боловч тэд ерөнхийдөө сонгуулийг үр дүнтэй зохион байгууллаа” гэж Элчин сайд Гээрт-Хинрич Аренс хэлэв.
СЕХ нь хууль эрх зүйн тодорхойгүй байдлыг шийдэх, мөн доод шатны сонгуулийн хороодыг удирдамжаар хангав. Сонгуулийн материалууд, тухайлбал санал тоолох төхөөрөмж зэргийг шахуу хугацаанд багтаан бэлтгэсэн бөгөөд СЕХ болон зарим доод шатны сонгуулийн хороод анх 7-р сарын 9-нд явуулахаар товлосон сонгуулийн өдрийг сонгогчдод мэдээлэх, мөн санал хураалтад идэвхтэй оролцохыг урамшуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв.
Хоёр санал хураалтын хооронд сонгуулийн сурталчилгаа хийхтэй холбоотой заалтууд дутмаг байсан тул хоёр нэр дэвшигч сурталчилгаандаа анхаарал татахааргүй аргыг сонгон авч, сонгогчдодоо хүрэхийн тулд айл өрхүүдээр явах, нийгмийн сүлжээг ашиглах зэрэгт голлон анхаарч байлаа. Монгол ардын намаас нэр дэвшигч УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн үүрэгт ажил, сонгуулийн сурталчилгааны хоорондох зааг ялгааг бүдгэрүүлэх байдлаар ашиглаж байв.
Эхний шатны санал хураалтын дараа АИХЭГ-ын сонгууль ажиглах хороо болон ЕАБХАБ-ын Парламентын ассамблей, Европын парламентын ажиглагчдын төлөөлөгчдийн гаргасан хамтарсан мэдэгдэлд сонгуулийг “өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай, сонгуулийн сурталчилгаа богинохон боловч ширүүн болж өнгөрлөө” гэж дурдаад, сонгуулийн байгууллага олон нийтийн итгэлийг ихээхэн хүлээж, сонгууль эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн байдалд боллоо гэж дүгнэсэн. Түүнчлэн уг мэдэгдэлд сонгуультай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа хэт сунжруу, шүүх дээр хэрэг шийдвэрлэгдэхгүй удах зэрэг нь нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлж байсан тухай онцлон тэмдэглэсэн байлаа. Зарим хэрэг одоог хүртэл шийдвэрлэгдээгүй хэвээр байна.
Хоёр дахь шатны санал хураалтаас өмнө улс төрийг тойрсон сэдэв нь сонгогчдын ирц дутах, мөн сонгуулийг шинээр явуулахын тулд эсэргүүцлийн хэлбэр болгож хоосон саналын хуудас өгч болзошгүй зэрэг асуудлууд дээр голлон төвлөрч байлаа гэж ажиглагчид дүгнэв. Хоёр дахь шатанд сонгогдоогүй Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч "цагаан хуудас" гэсэн стратегийг дэмжиж ажиллав. Гэсэн хэдий ч Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) “цагаан хуудас” санаачилгыг сонгуулийн сурталчилгаатай адилтган үзэж, үүнийг сонгуулийн тухай хуулиар хориглосон гэсэн мэдэгдэл гаргасан.
Хүний нэр төрд халдан гутаах хэргийг 7-р сарын 1-нээс эхлэн эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо больсон. Гэвч ийм зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээ харьцангуй өндөр хэвээр байгаа төдийгүй хувь хүмүүсийн тавьж буй онлайн мэдээлэлд мөн хамаарч байна. Хэвлэл мэдээлийн хэрэгслүүд анхны санал хураалтын үед баримталж байсан чиг хандлагаа хадгалж байв. Мониторинг хийгдсэн хоёр томоохон телевиз нэвтрүүлэгтээ төвийг сахиж байсан бол, гурав нь тус бүртээ УИХ-д суудалтай гурван намын байр суурийг баримталж байв. Олон нийтийн радио телевиз нь хоёр санал хураалтын хооронд гурван нэр дэвшигчийн талаар нэвтрүүлэхээс ерөнхийдөө зайлсхийж байлаа.
Олон улсын ажиглагчдад доод болон дунд шатны сонгуулийн байгууллагуудад болон цагдаагийн байгууллагад санал худалдаж авахтай холбоотой маш олон гомдол олноор ирсэн тухай мэдээлжээ. Эхний шатны санал хураалтын өмнө сонгуулийн өмнөх орчинд нөлөөлсөн хууль бус санхүүгийн ажиллагаатай холбоотой хэргийг мөрдөж буй цагдаагийн байгууллагын ажиллагаа нь хоёр дахь санал хураалтаас өмнө шийдэгдээгүй хэвээр байна.
“Манай хороо сонгуулийн дараах үйл явц эцэслэн дуустал Монгол Улсад үлдэж ажиллах бөгөөд сонгуулийн үйл явцыг сайжруулах талаарх санал зөвлөмжүүдийг багтаасан эцсийн тайлан дүгннэлтийг найм орчим долоо хоногийн дараа гарна. АИХЭГ нь эдгээр санал зөвлөмжүүдийг хууль тогтоомждоо тусгах, хэрэгжүүлэх тал дээр эрх бүхий байгууллагууд болон бүх оролцогч талуудтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж Элчин сайд Гээрт-Хинрич Аренс мэдэгдэв.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу:
Thomas Rymer, OSCE/ODIHR, +976 94 125 943 or +48 609 522 266, thomas.rymer@odihr.pl