Эмх журамтай сонгуулийн өдөр, өрсөлдөөнт сурталчилгаа нь тулгаж хийсэн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс Монголын ардчилалд үзүүлэх үр дагаврыг зөвтгөхгүй гэж олон улсын ажиглагчид дүгнэлээ.
УЛААНБААТАР, 2016.06.30 - Сонгуулийн өдөр зохион байгуулалттай, сурталчилгаа өрсөлдөөн ихтэй явагдлаа. Гэвч энэ нь Монголын ардчилалын хөгжилд нөлөөлөх өөрчлөлтийг цагийг тулгаж сонгуулийн хуулинд оруулсан явдлыг зөвтгөх учиргүй гэж олон улсын ажиглагчдын урьдчилсан мэдэгдэлд дүгнэжээ. 6 дугаар сарын -29-ний өдөр болсон парламентын сонгууль маш өрсөлдөөнтэй, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болсон хэдий ч сонгуулийн сурталчилгааг хязгаарласан заалтууд, мөн улс төрийн сонирхолд баригдсан хэвлэл мэдээлэл сонгогчдод бодит, үнэн зөв, тодорхой мэдээлэл хүргэх явдлыг хязгаарласан гэж мэдэгдэлд дурджээ.
“Санал өгөх үйл явц тайван, тогтуун байдалд болсонд бид баяртай байна. Сонгогчдын ирц өндөр, аль нам ялах нь тодорхойгүй учраас энэ бол жинхэнэ өрсөлдөөнтэй сонгууль болсон. Монгол Улсад ардчилал бодитой байгаад бид баяр хүргэж байна” гэж Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Люцижа Андрикиене хэллээ. “Гэхдээ сонгуулийн хуулийг тулгаж өөрчилсөний улмаас гадаадад амьдарч байгаа Монголын 150,000 иргэд, мөн түүнчлэн дипломат ажилтнууд саналаа өгч чадаагүй зэрэг анхаарал татсан асуудлууд байна.”
Ажиглагчдын хэлж байгаагаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нилээд өргөн хүрээнд хэлэлцэн баталсан сонгуулийн шинэ хууль нь сонгуулийн хууль тогтоомжуудыг нэгтгэж, сонгуулийн нэгдсэн системтэй болоход чиглэсэн нааштай ахиц болжээ. Харин 2016 оны 5 дугаар сард сонгуулийн холимог системийг 76 тойрог бүхий мажоритар болгож, тойргийн хуваарилалтыг парламент хийсэн нь ил тод байх, олон нийттэй зөвшилцөх зэрэг тогтсон шалгууруудыг зөрчсөн болохыг ажиглагчид дурдлаа. Энэ нь сонгуулийн тойрогуудын хүн амын төлөөлөлд тэгш бус байдлыг бий болгосон.
Нийт 498 нэр дэвшигчид, үүний дотор 69 бие даагч сонгуульд бүртгүүлсэн нь сонгогчдын хувьд өргөн хэмжээний улс төрийн сонголт хийх боломжийг бүрдүүлсэн. ЕАБХАБ болон олон улсын бусад байгууллагын өмнө хүлээсэн үүрэгт харшилсан нэгэн зүйл нь нэр дэвших эрхт зарим тэгш бус эрхийн хязгаарлалтууд байгааг мэдэгдэлд дурджээ. Хэдийгээр сонгогчдын бүртгэлийн үнэн зөв, бүхнийг хамрах байдалд ерөнхийд нь итгэлтэй байгаа боловч 5 дугаар сард оруулсан өөрчлөлтийн улмаас гадаад амьдарч буй 150,000 иргэдийн сонгуулийн эрхийг хаслаа.
“Сонгууль утга учиртай болохын тулд сонгогчдод жинхэнэ сонголт өгөгдсөн байх ёстой, сонгогчдод энэ сонголтыг энд өгсөн байна. Ийм сонголт бас нэр дэвшигчдийн хувьд ч байх учиртай. Тэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө чөлөөт хэвлэл мэдээллээр танилцуулах, адил түвшинд өрсөлдөх боломж, сонголттой байх ёстой. Энэ талаар хийх ажил нилээд байна” гэж ЕАБХАБ/АИХЭГ-ын Сонгуулийг ажиглах хорооны дарга, Элчин сайд Одри Гловер хэллээ. “Сонгууль бол сонгогчдын тухай асуудал. Ийм болохоор тоглоомын дүрмийг цагт нь тулгаж бүхэлд нь өөрчилсөн сонгуулийн хуулийн тухай сонгогчдын ойлголт, мөн эл өөрчлөлтийн улс төрийн сэдлийн тухай асуудал бол гол асуудал болно.”
Сонгуулийн сурталчилгааны хугацаа хязгаарлагдмал байсан хэдий ч эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүндэтгэн, нэр дэвшигчид өөрсдийн үгээ сонгуулийн тойрогтоо хүргэж чадаж байсан. Гэхдээ зарим тохиолдолд улс төрийн намуудын дунд, улсын болон орон нутгийн засаг захиргааны хороонд асуудлууд тодорхойгүй болж байсан гэж ажиглагчид мэдээллээ. Тодруулбал, хэд хэдэн удаа сонгогчдын саналыг худалдан авах оролдлогууд гарч, нэлээд хэдэн албан ёсны гомдлоос улбаалан хоёр нэр дэвшигчийг бүртгэлээс хассан.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн өмнөх үйл явцтай холбоотой 50 гаруй гомдол хүлээн авсан. Шүүх нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой 21 хэргийг хянан хэлэлцэж, Цагдаагийн газар сурталчилгаатай холбоотой 1000 гаруй гомдлыг шалгажээ. Хуулинд сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол гаргах, давж заалдах үйл явцыг тусгасан хэдий ч, сонгуулийн хороод болон шүүхийн түвшинд асуудал шийдвэрлэгдэх үйл явц нь хангалттай ил тод биш байсан нь дээрх гомдлууд үр дүнтэй шийдвэрлэгдсэн эсэхийг мэдэх боломжгүй болгож байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үед идэвхитэй байсан ч улс төрчдөд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх шууд боломж олгож байсан нь сэтгүүл зүйн үүргээ орхигдуулах шалтгаан болсон. Төлбөртэй болон төлбөргүй улс төрийн агуулгатай нэвтрүүлэг ихээр цацах, улс төрийн намуудаас бэлтгэсэн мэдээллүүдийг мэдээнийхээ дундуур нэвтрүүлж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн найдвартай байдлыг үгүйсгэх хүчин зүйл болсноор барахгүй сонгогчид бие даасан болон задлан шинжилсэн мэдээ нэвтрүүлэх дутмаг байсан гэсэн дүгнэлтийг гаргахад хүргэсэн байна.
Сонгуулийн бэлтгэл ажлын хувьд, Сонгуулийн ерөнхий хороо ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгэсэн хэдий ч бусад оролцогчдод ил тод нээлттэй бус байсан нь сонгуулийн бэлтгэл үйл явцад итгэх итгэлийг нэг талаар хөсөрдүүлсэн явдал гэж ажиглагчид үзсэн байна. Санал тоолох машины найдвартай эсэхийг шалгахдаа сонгуульд оролцогч хүчнүүдийг байлцуулан шалгасан. Сонгуулийн хуулинд гараар дахин тоолох саналын хайрцгийн тоог нийт саналын хайрцгийн 50 хүртэлх хувь гэж заасан хэдий ч сонгууль болоход ердөө хоёр өдрийн өмнө гараар дахин тоолох журмыг боловсруулсан.
Бүх улс төрийн нам, эвслүүд нь хуулиар заасан 20 хувийн эмэгтэйчүүдийн квот-г дагаж мөрдсөн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь эмэгтэйчүүд байсан. Гэсэн хэдий ч, нийт тойргийн гуравны нэгээс илүү тойрогт нь эмэгтэй нэр дэвшигч байсангүй. Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд нэг эмэгтэй гишүүн байдаг ч, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод эмэгтэйчүүдийн төлөөлөл илүү сайн байсан. Ерөнхийдөө, улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна.
Сонгуулийн өдөр улс орон даяар эмх журамтай явагдаж өнгөрлөө. Хэдийгээр хэдий ч саналын нууцлал тэр бүр хангагдахгүй байсан ч ерөнхийдөө санал хураалтыг эерэг гэж үнэлсэн. Ажиглагчдийн үнэлгээгээр санал тоолох болон үр дүнг нэгтгэх ажиллагаанд хийсэн үнэлгээ нь санал хураалтыг ерөнхийд нь эерэгээр үнэлэх үнэлгээнээс мэдэгдэхүйц хэмжээнд хол байсан бөгөөд үндсэн шалтгаан нь процедурын шинжтэй тодорхой алдаа дутагдал байлаа. Иргэний нийгмийн хэд хэдэн байгууллага сонгуулийн өмнөх орчин, сонгуулийн сурталчилгааны зардал, хэвлэл мэдээллийн байдал зэрэгт мониторинг хийсэн бөгөөд эдгээр үйл явцын гол алдаа дутагдлыг онцолсон мэдэгдлийг цаг тухайд нь гаргаж байсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Томас Раймер, ЕАБХАБ/АИХЭГ + 976 95 14 1635 эсвэл +48 609 522 266, thomas.rymer@odihr.pl
Тим Боден, Европын Парламент, + 976 99 97 6294 эсвэл +32 573 844 450, timothy.boden@europarl.europa.eu