Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатан дээр байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшихтэй холбоотой тодорхойгүй байдал үүсгэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ
УЛААНБААТАР ХОТ, 2017 оны 6-р сарын 27 – Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай, сонгуулийн сурталчилгаа богинохон боловч ширүүн болж өнгөрлөө. Сонгуулийн байгууллага олон нийтийн итгэлийг ихээхэн хүлээж, сонгууль эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн байдалд боллоо. Гэвч өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа сунжруу, түүнчлэн шүүхийн шатан дээр хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлэхэд хүргэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан боловч дүн шинжилгээнд суурилсан мэдээллээр дутмаг байлаа гэж олон улсын ажиглагчид өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ дүгнэжээ.
“Энэ удаагийн сонгууль нь өрсөлдөөнтэй, ерөнхийдөө Монгол Улсын ардчиллын ирээдүйд үр өгөөжтэй сонгууль болж өнгөрлөө. Шүүхийн шатанд нэр дэвшихтэй холбоотой хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь эргэлзээ, төөрөгдөл үүсгэж байгаа тул үүнийг анхаарах хэрэгтэй. Учир нь, тодруулж хэлбэл, сонгогчид сонгуулийн өдөр саналаа өгч буй нэр дэвшигчид нь хуулийн дагуу ажлаа авах боломжтой болж байгаа эсэхийг мэдэх ёстой. Хоёр дахь шатны санал хураалтаар сонгуулийн эерэг үйл явц бүхэлдээ дахин баталгаажна гэдэгт би найдаж байна” гэж ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики хэллээ.
Хууль эрх зүйн хүрээгээр суурь эрх, эрх чөлөөг баталгаажуулж өгсөн нь ардчилсан сонгууль явуулах хангалттай суурийг тавьсан байна гэж ажиглагчид тэмдэглэжээ. ЕАБХАБ/АИХЭГ-аас өмнө нь өгч байсан нилээд олон зөвлөмжийг хүлээн авсан боловч ялангуяа сонгох эрхтэй холбоотой хэд хэдэн алдаа дутагдлыг залруулалгүй хэвээр үлдээжээ.
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) нь сонгуулийн оролцогчдын итгэлийг хүлээж, хуульд заасан хугацаанд багтаан, ил тод байдлаар ажилласан гэж дүгнэлтэд тэмдэглэсэн байна. 2016 онд орон нутгийн иргэдийн хурлуудад хүчний хуваарилалт шилжсэнтэй холбоотой дунд шатны сонгуулийн олон хорооны бүрэлдэхүүн өөрчлөгдсөн нь тэдгээр хороодын хараат бус байдалд зарим оролцогч талуудад эргэлзээ төрүүлжээ.
“Өчигдөр үнэхээр гайхалтай зүйлийг харууллаа. Монголчууд дараагийн ерөнхийлөгчөө чөлөөтэй сонгох боломжийг эдлэн, санал авах байруудад технологийг хэрхэн сайн ашиглаж болдгийг хараад европын олон улс төрч атаархсан биз ээ” гэж ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Георгиос Ваременос тэмдэглэн хэлэв.
Оролцогч талууд нь сонгогчдын бүртгэлийн үнэн зөв, бүх сонгогчийг хамруулсан зэрэгт ерөнхийд нь итгэж байгаагаа илэрхийлсэн гэж ажиглагчид тэмдэглэжээ. Харин Сонгуулийн тухай хуулинд сонгох эрхийг хязгаарласан зөрөлдөөнтэй заалтууд байгаа нь ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн болон бусад олон улсын үүрэг амлалтуудтай нийцэхгүй байна.
УИХ-д суудалтай гурван намыг төлөөлсөн гурван нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд өрсөлдлөө. Хуулиар бусад нам нэр дэвшүүлэх эрхгүй бөгөөд бие даан нэр дэвшихийг зөвшөөрдөггүй. Ерөнхийдөө нэр дэвшүүлэх талаар тавигдаж буй шаардлагууд нь хэтэрхий хатуу байгаа бөгөөд сонгогчдын сонголтыг хязгаарлаж байна гэж дүгнэлтэд дурджээ.
Сонгуулийн сурталчилгаа эрч хүчтэй явагдсан ч улс төртэй холбоотой үг хэллэг нь гадныхныг гадуурхсан хэл ярианаас ангид байсангүй гэж ажиглагчид тэмдэглэв. Нэр дэвшигчдийг авилга авсан, бусад хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэж буруутгасан хэд хэдэн бичлэг олон нийтэд цацагдсан нь сонгуулийн кампанит ажлын өрнөлд нөлөөлж байснаас гадна төрийн захиргааны байгууллагын албан ёсны үйл ажиллагаа болон улс төрийн сурталчилгааны хоорондох зааг ялгааг бүдгэрүүлсэн тохиолдлууд ажиглагджээ.
“Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтыг зохицуулсан хууль тогтоомжоор авилгатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна. Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Ийм сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа. Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй” гэж Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене хэлэв.
Дүгнэлтэд иргэд олон нийтийн ажиглагчид сонгуулийн асуудлуудыг сонгогчдод ойлгуулах талаар хувь нэмрээ оруулж, тодорхой асуудлуудаар цаг тухайд нь мэдэгдэл хийж байлаа гэж дурджээ. СЕХ нь нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн намуудын 18,000 орчим ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгожээ.
Санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ. Санал авах байруудад эмэгтэй ажилтнууд тооны хувьд давамгайлж байв. Ажиглалт хийсэн бүх санал авах байранд намуудын ажиглагчид байсан бол, сонгуулийн өдөр иргэд олон нийтийн ажиглагчид өргөн хүрээтэй ажиглалт хийсэнгүй. Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр 150 орчим өргөдөл гомдол ирснээс 86 нь санал худалдаж авсан гэх гомдлууд байлаа.
“Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан. Манай хороо хоёр дахь шатны санал хураалт болсноос хойш хэд хоногийн хугацаанд энд байна. Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байна гэж ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Геерт-Хинрич Аренс хэлэв.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягаар холбогдоно уу:
Хатагтай Мариа Кучма - ЕАБХАБ/АИХЭГ. Утас: +48 609 038346, maria.kuchma@odihr.pl
Хатагтай Ирина Сабашук - ЕАБХАБ-ын Парламентын ассемблей, +976 8588 2847, +45 60 108173; iryna@oscepa.dk
Ноён Филиппе Камарис - ЕАБХАБ-ын Европын парламент, +976 8588 0549, +32 477855267, philippe.kamaris@ep.europa.eu